Оюутны байр

Бороотой блог
4 min readNov 13, 2018

--

Хэдэн жилийн өмнө өвөө минь өөд болоход л жинхнээсээ энэ хорвоогоос хайртай хүмүүс чинь түрүүлээд явчихдаг юм гэх зовлонг ойлгож билээ. Гэхдээ бүр өвдсөн хойно нь, хэвтэрт байхад нь, өөд болсоных нь дараа, хэсэг хугацаа өнгөрсөн хойно л гэнэт хачин их санаад уйлсан юм. Говь-Алтай аймгийн зүүн хэсэгт төв эмнэлэгийн хажуудах хашаанд эмээ, өвөө, ах, эгч, аавтайгаа амьдардаг байлаа. (Манай эцэг эх хэдий бага байхад салсан ч гэлээ аймгийн зүүн хэсэгт байх өвөөгийн гэр, урд байрлах эмээгийнх, баруун хэсэгт байрлах буурал ээжийнх гээд би чинь өчнөөн гэртэй хүү байв)
Өглөө үүрээр хүйтэн усаар цээжээ өдөр бүр шавших өвөөгөө нойрмог нүдээр хардаг байснаа, хашаа налуулж хураасан том гуалин моднууд дээр суугаад нар жаргахыг хардаг байснаа, урагш жорлон явах бүртээ хажуу хашааны нохойтой хэрэлддэг байснаа арай жаахан том болоод орос төмрөн хөрөөгөөр гуалингаа хөрөөдөж, хагалж сурснаа үе үехэн зүүдэлдэг юм. Үүнээс ч илүү чухлаар өвөө маань хар багаас том залуу болох хүртэл зулайг минь шиврээ сахлаараа хатгаж үнэрлэснээ яг л хэвээрээ үнэртэх юм даа миний хүү гэдгийг хэзээ ч мартахгүй ээ. Гэтэл тэр бүгдийг, түүнээс ч их амьдралын ухааныг өгсөн өвөө минь бие муу хэвтэрт ороод ач хүүтэйгээ хэд хоног хамт байхсан гэж хэлэхэд нь ч зөрөөд очоогүй өөрийгөө ихээр зүхдэг юм. Аав ч өвөө чинь чамайг л гэдэг чи ир, нэг хүрээд очооч гээд л хэлдэг байсан голд орсон гэх үү дээ. Тэглээ ч өнөөх л ачлалгүй хүү хэвээрээ байгаадаа дур гутаж байна. Одоо өвөө дээрээ очооч гэх аав ч үгүй болсон гэхээр бүр л шимшрэм санагдах юм.

Миний аав сайн эцэг байгаагүй ээ. Одоо бодохнээ намайг тоотой хэдхэн л удаа баярлуулсан санагдана. Бага ангид өчнөөн хоног алга болж ирэхдээ ганцхан дугуйтай ирээд түүнийгээ надад бэлэглэж, унуулж сургасан. Дунд ангид мөн л алга болж ирэхдээ жинсэн хослол бэлэглэж, түүнийг нь өмссөн өдрөө би ангийн fashion killa болсон. Оюутан болоход цалингын картаа хэсэг хугацаанд өгсөн. Бусдаар бол ихэвчлэн гомдоосон гэхэд болно доо. Надаас илүү бусдын хүүхдэд туслах дуртай, үргэлж гэр бүлээсээ өөр хүмүүсийг гэдэг. Миний ухаан орсон дурсамж хүртэл согтуу ааваасаа нуугдаж ширээн доор орсон гэх тэр хар дурсамж. Энэ бүгдээс болж би одоог хүртэл ганцаараа унтаж чадахгүй, ямар нэгэн айдас ирэх чимээнээр сэрсээр байдаг зовлонтой… гэвч миний энэ бүхэн ээж, эмээ хоёрын минь хажууд юу ч биш гэж бодохоор тийм л хэцүү хүн шиг санагдана байх.

Өвөөг өөд болсноос хойш нэг хэсэг холбоогүй болсон байсан аав маань гэнэт хорт хавдартай болчихсон гэх сургаар би очиж уулзсан юм. Бараг л залуу цагаасаа эхлэн архи уусан болохоор нэг л өдөр хүнд цаг ирнэ дээ гэж хүн бүр л түүнд хэлдэг байсан даа. Гэвч тэр цаг нь үнэхээр л ингээд ирчихнэ чинээ би яаж мэдэх вэ, урьд нь яаж ч ядарч, наргиж явсан ерөөс өвчин хэлж байгаагүй аав маань нэг л бөхчихсөн харагдсан. Тэгсэн хэрнээ хошигнож, эмнэлэгээс гарч тамхиа татна гэж зүтгээд тэр гэр бүлээ байтугай өөрийгөө ч боддоггүй нэгэн байжээ. Эмэнэлэгт хэвтэж байхад нь хэдхэн л удаа эргэж очсон юм. Тэр бүрт найз охин, хадмуудын талаар асууна. Эргэж ирсэн хүмүүсийн мөнгөөр сувилагч нарт пизза авж өгнө, эмчдээ бэлэг авч өгнө гэж надтай муудалцана. Улаан хоолойн хорт хавдартай хэрнээ тамхиа татахаа зогсоохгүй байх санаатай. Бүр хэвтэрт орсон хойно оо ч утсан дээрээ Виктор цой, Jeanette-ээ утсан дээрээ суулгаж авахуулаад сонсоно. Миний хөгшин тусгал шиг тэр царай өөрийгөө над шиг залуу гэж бодсоор яваа юм шиг л санагдана.

Нэг хэсэг очихгүй болсон хойно бие нь арай дээрдэж гэртээ гарсан боловч орой нь бүр хүндэрсэн тул ирээрэй гэсэн хэл ирлээ. Ухаангүй, хүчилтөрөгч залгуулсан аав маань унтаж байгаа юм шиг л хэвтэнэ. Хэсэг байсан боловч хийх ёстой ажлаа бодоод шөнө болсон ч буцсан юм. Тэр шөнө хаа нэгтээ оюутны байрны гадаа аавтай таарсанд тэр “аав нь нимгэн хувцсаа өмсчихсөн хамт байр луу оръё” гээд дагуулж ороод орон дээр нь хамтдаа суухад би сэрчихэж билээ. Тэрний дараа Окуш залгаад аав өөд болчихжээ гэхэд тэр бүхэн үнэн ч биш, худлаа ч биш санагдсан даа.

Аавын буяны ажил явагдаж байх зуур надаар ганцхан зуруулах хүсэлтэй байсанг нь, бусдад намайг үргэлж ярьж магтаж явдаг байсанг нь, хэнээс ч илүү ургын мод, түүхээ судалдаг байсанг нь мэдэж авсан юм. Хэдий бид сайн хүү, сайн эцэг байгаагүй ч зөвхөн баярлуулж л сайн эцэг болдог гэсэн үг биш дээ ямар… Тэдгээр өдрүүдэд хамаатан саднуудаас дутахгүй их найз нөхөд, бүр хар багын андууд нь ирсэн билээ. Мөн сайн анд нөхөр байжээ.

Бүх зүйл өнгөрч би эргээд сууж байсан суурин дээрээ аавгүй болоод ирсэн хойно зүүдэнд ирсэн аав маань өөрийн хамгийн жаргалтай мөч болох оюутны байрандаа эргээд оччихсон, надад түүнийгээ харуулах гэсэн мэт санагдана. Харин би гомдолтой байсаар л байна. Миний дотор байрлах тэр нэг хар нүх. Хэзээ ч тэгтэл баярладаггүй, хэзээ ч тэгтэл зовдоггүй хоосон орон зай, тэр л их хоосон хүйтэн мэдрэгдэнэ. Хөөрхий аав минь хураасан хөрөнгөгүй ч буянд нь хандивласан хүмүүсээс үлдсэн жаахан мөнгийг эмээ, ах нар ярилцаж байгаад надад өгсөн юм. Шинэхэн байранд орсон болохоор түүнийг гэрийн засварт бүгдийг нь зориулсан. Гэхдээ жааханг үлдээгээд ганцаараа энэ тэрүүгээр хэсэж өнөө жаахан мөнгөөрөө чихэр, амттан идэж, тоглоом тоглож оройг өнгөрүүлсэн. Аавтайгаа хөтлөлцөөд явж байгаа жаахан хүү шиг өөрийгөө төсөөлөх гэсэндээ л тэр. Дотор жаахан ч гэсэн хөнгөрсөн юм шиг л санагдсан, аавдаа эрхлээд.

Өнөөдөр түүний өөд болсноос хойших 49 хоног юм. Хэдий гурван хүүхдийн эцэг ч ганцхан би л түүний нэрээр овоглодог болохоор эмээ дээрээ зайлшгүй очиж жаахан ч гэсэн туслах ёстой гэж бодсон болохоор очоод ирлээ. Био комбинатад байрлах гэр лүү явах замдаа Виктор Цой сонсож хов хоосон оргиж явлаа. Харин буцах замдаа бага ангийн найзуудынх нь машинд дайгдаж ирсэн юм. Тэгэхдээ тэднийг аавтай хэрхэн нийлж ээжийг найрах гэж гүйдэг байсан, хэрхэн фактлдаг байсан гэх мэт өчнөөн дурсамжыг нь сонсож явлаа. Аав маань тэр нартай цуг амьдарсаар л байгаа юм шиг санагдсан даа. Харин би өөрийгээ ангийнхан дундаа суучихсан аав шигээ төсөөлсөн билээ. Хэрвээ Монголчуудын итгэдэг шиг 49 дэх хоног дээрээ хайртай хүмүүсээ эргэдэг бол би түүнд эргээд намайг хүүхэд насанд минь хөтлөөд очооч ээжтэй гурвуулаа гоё хоол хийгээд нэг ширээнд сууж идэцгээе гэж хэлмээр байна. Хүү нь одоо байгаа бүх зүйлээ хаясан ч чадахаар бэлэн байна…

--

--

Бороотой блог
Бороотой блог

Responses (3)