Little fish
Нэг өглөө сэртэл эхнэр чинь:
Чи хэн бэ?, би энд юу хийж байгаа юм бэ? гэвэл ямар байх бол?. Улс даяар дурсамжийг бага багаар авч оддог өвчин дэлгэрчихсэн, дэргэдэх хүн маань ч түүнийг нь саяхан туссаныг ухаарах мөн хэцүү еэ.
Би эхлээд өөрөөсөө асууна. Намайг мартчих вий дээ… гэж. Анх түүнийг намайг анзаарах ч сөхөөгүй явж байхад нь холоос харснаа дурсана. Энэ яг л хамаг л сайхан мэдрэмжүүд минь гэрийнхээ цонхон дээр шавчхаад тэр доогуур яваад өнгөртөл нь догдлох шиг санагдана. Дараа нь дахиж таараад танилцах гэхэд бүх мэдрэмжүүд эр зоригийн амыг таглаад бөөн юм болж байх хооронд харамсахгүй явахсан гэх сэтгэл хөтөлж очоод танилцсан ч тэнэг үг хэлсэндээ дараа нь зэмлүүлэх шиг мэдрэгдэнэ. Анхны үнсэлт ч тэр хатчихсан газар хаа нэгтэйгээс ус оргилж эргэн тойрон дорхноо ногоорох шиг санагдана…
Хүртэхүйтэй холбогдсон бүхий л мэдрэмжүүд мартагддаггүй. Дурсамжиндаа би хайртай хүнтэйгээ уруул шүргэлцэнэ, сандарсан ч гарнаас нь хөтлөөд тайван алхана, тэврээд хүзүүг нь үнэрлэнэ, бүгдээрээ нандин. Энэ бүхэн их нандин, бүхий л мэдрэхгүй хүчтэйгээр ажиллаж байсан болохоор одоо тийм тодоор бодож чадаж байна. Үнэхээр мэдрэмж чинь хэн нэгэнтэй холбогдож, зөв цаг нь юм шиг мэдрэгдвэл эргэлзэлгүй үнсээрэй, тэврээрэй, хөтлөөрэй.
Гунигтай, баяртай байхад болсон зүйлс бараг л мартагддаггүй. Ганцаараа бол сайн гэгч нь ганцаардаад, даараад авах хэрэгтэй. Хоёулаа бол саранд хүртэл хайрлалцаад авах хэрэгтэй.
Тархи угаасаа хэрэгцээгүй, ашиглагдахгүй мэдээллийг хаягдуулж эхэлдэг. Тэгээд эргээд санах гэж оролдох үед хийсвэр санамжтай чинь холиод өмнө чинь тавина. Уг нь чи үнэхээр одоо хайртай байгаа хүндээ чинь сэтгэлээсээ бол сайхнаар мэдэрч өнгөрүүлээд эргээд заавал дурсах гэж хичээнэ.
Гэхдээ үнэхээр та хоёрын гэх бүгдийг мартагдчихвал би хайрлахаа больчих уу? Юуг авч үлдэх гэж ингэтлээ хичээцгээгээд байгаа юм бэ? Зөвхөн түүний өнгөрсөнд нь л би хайртай юм гэж үү?
“Өнгөрсөн гэж байдаггүй тэр ирээдүйд байж байдаг” -Хэн нэгэн
Өнгөрсөн бидэнд бусдыг хайрлах шалтгаан өгдөг. Би энэ орчлонд үзэн ядах гэж лав ирээгүй, хайрлагдах албатай ч ирээгүй бүх мэдрэмжийг мэдэрч үзэх гэж, гуниг жаргал хосолсон амьдрах гэж л ирсэн. Тэр дундаас өөрийнхөө утга учрыг олоод түүгээрээ бөмбөлөг үүсгээд дотор нь тайван суух гэж ирсэн. Хүн бүрийн хувьд утга учир гэдэг тоймгүй ч мах цусаараа холбогдсон, мэдрэмжээрээ холбогдсон тэр бүхэн хамгийн нандин утга учир байх нь зайлшгүй.
Анх би түүнтэй танилцахдаа гунигтай байснаа л санаж байна. Яагаад гэдгийг нь санахгүй байна. Энэ түүхэнд өөр дурсамж хэрэггүй.
Ийм нэг жижигхэн бичвэр.